“Эрдэнэс Монгол” ХХК нь 2007 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялгийн ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан.
“Эрдэнэс Монгол” ХХК нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдүүд болон тэдгээртэй хамаарал бүхий дэд бүтцийн бүтээн байгуулалт, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч хуулийн этгээдийн төрд ногдох хувь, төрийн мэдлийн хувьцааг эзэмшиж, тэдгээрийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь өргөтгөж ашигт ажиллагааг сайжруулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө босгох, нэмүү өртөг бий болгох боловсруулах үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, компаниудын үйл ажиллагаанд Засгийн газрын бодлогыг уялдуулах зэргээр нэгдсэн стратеги, удирдлагаар хангахад анхаарч ажиллаж ирлээ.
Өнөөдрийн байдлаар компани нь “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэс Оюутолгой” ХХК, “Багануур”” ХК, “Шивээ-Овоо” ХК, “Мон-Атом” ХХК, “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК, “Эрдэнэс Метан” ХХК, “Эрдэнэс Ассет Менежмент” ХХК-иудын 50 буюу түүнээс дээш хувийн хувьцааг эзэмшиж байна. Мөн “Оюу толгой” ХХК-ийн Монголын талын 34 хувийг өөрийн охин компаниар дамжуулан эзэмшиж, Тавантолгой -Гашуунсухайт чиглэлийн авто замын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг “Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн дээр байгуулан ажиллуулж байна.
Тус компани цаашид байгалийн нөөцийг үр ашигтай удирдах замаар улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд жинтэй хувь нэмэр оруулахуйц үндэсний тэргүүлэгч компани төдийгүй үйл ажиллагаандаа олон улсын стандартыг нэвтрүүлсэн, компанийн өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нэмэгдүүлсэн, олон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн компани болох бизнесийн зорилгоо бүрэн дүүрэн биелүүлэхээр зорьж байна.
Байгалийн баялгийг удирдаж, үнэ цэнэ, үр өгөөжийг бий болгоно.
Хөрөнгийг удирдаж, хөгжлийг хөтөлнө.
Эрдэнэсийг иргэн бүрт