© 2017 www.erdenesmongol.mn
All rights reserved.
“Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” үзэсгэлэн, хурал болно
4 сарын өмнө

“Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын үзэсгэлэн, хурал энэ сарын 20-21-нд Шангри-Ла зочид буудалд болох гэж байна. “Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын үзэсгэлэн, хурлын талаар санаачлагч, зохион байгуулагчид нь өнөөдөр мэдээлэл хийлээ. Уг арга хэмжээг санаачлагч нь “Би Эм Монголиан Партнерс” ХХК юм. “Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын үзэсгэлэн, хурлын талаар “Би Эм Монголиан Партнерс” ХХК-ийн Ерөнхий захирал, "Технологи, хөрөнгө оруулалт Монголд - 2017" ОУ-ын үзэсгэлэн хурлыг санаачлагч Ж.Мядагмаа, “Би Эм Монголиан Партнерс” ХХК-ийн гадаад худалдааны хэлтсийн захирал Н.Энхсайхан, Нийслэлийн Үйлдвэрлэл Инновацийн Газрын дарга Б.Бат-Эрдэнэ, Улаанбаатар хотын Хөгжлийн Корпораци ХК-ийн Гүйцэтгэх захирал С.Сод-Эрдэнэ нар мэдээлэл хийсэн юм.  

Уг үзэсгэлэн хуралд  ХБНГУ, Австри, Щвейцарь, Австрали, Франц, Өмнөд Африкийн нэр хүндтэй компаниуд уул уурхай, барилга, хот төлөвлөлт, сэргээгдэх эрчим хүч, ерөнхий зориулалтын нисэх, хөдөө аж ахуй мах сүү боловсруулалтын чиглэлийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн компаниуд оролцоно. Гадны компаниудын 40 гаруй төлөөлөгч технологио танилцуулахаас гадна Австри, Щвейцарь, Хонгконгоос банк санхүү, хөрөнгө оруулалтын салбарын хүмүүс ирнэ. Мөн Монголын уул уурхай, хөдөө аж ахуй гэх мэт голлох салбарын томоохон компаниуд оролцохоор бүртгүүлээд байна.

“Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” шиг нэг дор таван салбарыг хамарсан технологийн олон үзэсгэлэн өмнө нь манай улсад  болж байгаагүй юм. Энэ удаагийн үзэсгэлэн, хурлын хоёр дахь давуу тал нь барууны шилдэг технологиудыг танилцуулахаас гадна хөрөнгө оруулагчидтай холбогдож ажил хэргийн яриа, уулзалт зохион байгуулах боломжийг бизнес эрхлэгчдэд олгоно. 

"Технологи, хөрөнгө оруулалт Монголд - 2017" ОУ-ын үзэсгэлэн хурлыг санаачлагч “Би Эм Монголиан Партнерс” ХХК-ийн захирал Ж.Мядагмаа  олон улсын үзэсгэлэнд оролцох компаниудын талаар товч мэдээлэл өглөө. Хуурай аргаар нүүрс баяжуулах дэлхийн хамгийн том үйлдвэрийг барьсан  “Allmineral”  компани ХБНГУ-аас ирэх юм байна. Нүүрс зэсийг нойтноор баяжуулахад гарах их хэмжээний хаягдал усыг шүүж  дахиж ашиглах боломжтой тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг  “Андриц”компанийн Австри болон Өмнөд Африкийн салбарынх нь удирдах түвшний хүмүүс ирэхээр болжээ. Аялал жуулчлалын салбарт өндөр төвшний үйлчилгээ үзүүлэх боломжтой гэх мэт олон салбарт эрэлт хэрэгцээтэй байдаг бага оврын онгоц үйлдвэрлэгч “Даймонд” компанийн төлөөлөл Австриас ирж технологи болон үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ танилцуулна гэж зохион байгуулагчид нь онцоллоо. Бага оврын онгоцоор Монголд нисэх боломж, бэрхшээлийн талаар салбар хуралдаан хүртэл болох юм байна.

“Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын үзэсгэлэн, хурлыг нийслэлээс дэмжиж оролцож байгаа юм. Нийслэлийн Үйлдвэрлэл Инновацийн Газрын дарга Б.Бат-Эрдэнэ  уг арга хэмжээг дэмжиж оролцох болсон шалтгаанаа “Энэ удаагийн олон улсын чуулга уулзалт эдийн засагт голлох таван салбарыг онцолж шилдэг технологиудыг танилцуулж байгаагаараа үр өгөөжтэй, онцлогтой. Технологи руу чиглэсэн хөрөнгө оруулалтыг онцолж буй нь бизнес эрхлэгчдэд боломж олгож байгаа хэрэг. Нийслэлээс уг үзэсгэлэн, хурлын  хот төлөвлөлт, хөрөнгө оруулалт гэсэн салбар хуралдаануудад илтгэл тавьж оролцохоор болжээ.Энэ үеэр  нийслэлд хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдээ бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад танилцуулахаар төлөвлөсөн байна. Мөн нийслэлээс чуулга уулзалтад оролцохоор Швейцарь, Хонгконгоос ирэх хөрөнгө оруулагчидтай хамтарсан уулзалт хийхээр төлөвлөжээ.

ЭХ СУРВАЛЖ: https://www.news.mn/r/330056

 
Facebook Twitter Google + Youtube Email
Sitemap