© 2017 www.erdenesmongol.mn
All rights reserved.
Гашуунсухайтын замын гашуун түүхийг арилгах уу?
1 сарын өмнө

-Өдөрт дунджаар 1300 нүүрс тээврийн машин хил давдаг бөгөөд нэг минутанд нэг машин хилээр нэвтэрдэг ажээ-

Гашуунсухайтын автозам дээр осол аваар гарч, хүнд даацын машинууд унах нь олонтаа. БНХАУ-д экспортолж буй нүүрсний гол зам болсон Гашуунсухайтын замын нэлээд хэсгийг “Эрдэнэс Монгол” ХХК хариуцдаг. Гэвч уг замын ашиглалт тааруу байгаад иргэд сэтгэл дундуур байна. Баян компанийн эзэмшил хэр нь нэг машинаас нэг удаад 250-360 мянган төгрөгийн төлбөр авдаг, засвар үйлчилгээг төлбөрийнхээ хэмжээнд хийдэггүй гэхчилэн гомдлыг нутгийн иргэд болоод нүүрс тээвэрчлэгчид хэлж байна. Тиймээс эдгээр асуултын хариуг бид “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд бүтэц, ложистикийн хэлтсийн дарга Т.Цолмонгоос авсан юм. Албаны хүний хариултыг хүргэе.

---------------------------------------------------------------------------

-Гашуунсухайтын замаас хэдэн км-ийг танай компани хариуцан ажилладаг вэ. Уг замтай холбогдсон түүхийг сонирхож болох уу. Зам ашигласны төлбөрт яг хэдэн төгрөг авдаг вэ. Авсан мөнгөө чухам юунд хэрхэн зарцуулдаг талаар эхлээд танилцуулах уу?

-Эхлээд замын тухай танилцуулъя. Гашуунсухайтын 239 км замыг 2011 оны аравдугаар сард “Энержи Ресурс” ХХК ашиглалтанд оруулж, “Говийн зам” ХХК нь авто замын ашиглалтын үйл ажиллагааг хариуцан явуулж байсан. “Нүүрсний экспортыг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай” 2013 оны 299 дүгээр тогтоолоор авто замын өмчлөлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсэн юм. Түүнээс хойш “Энержи Ресурс” ХХК, “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Таван Толгой” ХК зэрэг компаниудын оролцоотойгоор “Говийн зам” ХХК нь “Гашуун сухайт авто зам” ХХК нэртэйгээр шинэчлэгдэн байгуулагдаж, тус замын хариуцагчаар ажиллаж байна. 2014 оны зургадугаар сараас өнөөдрийг хүртэл хариуцаж байгаа гэсэн үг. “Гашуун сухайт авто зам” ХХК нь замын бэлэн байдлыг хангах, замын хураамж төвлөрүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдал, эрчмийг хянаж, удирдах үүрэгтэйгээр ажилладаг.

-Замыг шилжүүлэн авахдаа тодорхой хэмжээний төлбөр мөнгө төлсөн үү?

-Холбогдох тогтоол, шийдвэрийн дагуу “Эрдэнэс Монгол” ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банкны нийт 170.6 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтыг авч, “Энержи Ресурс” ХХК-аас тус замыг шилжүүлж авсан байдаг.

-Өдөрт мянга мянган машин зорчдог уг замын байгууламж нь ёс горимын дагуу баригдсан уу?

-Манай компанийн хариуцаж буй 239 км автозамын өргөн 7.5-10.5 метр. Нэг тэнхлэг дээрх замын даац 18 тонн. ТЭЗҮ-д зааснаар жилд нэвтрүүлэх чадвар 18 сая тонн. Хучилтын хийцийн хувьд цементээр бэхжүүлсэн суурь, асфальт бетон хучилттай. Ачаатай явдаг талын таван км тутамд, ачаагүй зорчдог талд 10 км тутамд зогсоолтой, зам маань 196 ширхэг ус зайлуулах хоолойтой, 25км , 57км, 213км, 218км тутамд шалган нэвтрүүлэх цэгтэй, автомат бүртгэл, 24 цагийн хөдөлгөөнт эргүүл, диспечер камерын хяналтын системтэй.

-Гашуунсухайтаар хэдий хэрийн тээвэрлэлт хийж байна вэ. Тээврийн замд осол аваар цөөнгүй удаа гарч байгаагийн шалтгааныг хэрхэн дүгнэх бол?

-Гашуунсухайтын автозамаар 2014 онд 65 мянга, 2015 онд 61 мянга, 2016 онд 208 мянган машин нүүрс тээвэрлэсэн. Энэ оны нэгдүгээр улирлын дүнгээр нүүрс тээвэрлэсэн машины тоо 68 мянгад хүрсэн гэхээр өмнөх жилүүдээс өмнөх жилүүдээс өндөр гарах магадлалтай юм. Өдөрт дунджаар 1300 нүүрс тээврийн машин хил давдаг бөгөөд нэг минутанд нэг машин хилээр нэвтэрдэг. Энэ ч утгаараа Гашуун сухайтын зам нь монголын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг, бүрэн ачаалалтай ажилладаг зам юм.

Уг зам дээр гарч буй осол, зөрчлийг холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэн ажиллаж байна. Зам дээр гарч буй ослын шалтгааныг бид бас судалж, дүн шинжилгээ хийж байгаа. Шалтгааныг эрэмбэлэн үзэхээр тээврийн хэрэгслийн бүрэн бус байдлыг хангаагүй, согтуугаар жолоо барьсан, тээврийн хэрэгсэлд шахуулсан, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийсэн, урсгал сөрсөн, нүүрс асгарсан, жолоочийн хариуцлагагүй үйлдлээс шалтгаалсан, хоорондын зайг барилгүй явсан, анхаарал болгоомж алдагдсан, хурд хэтрүүлсэн, хариулгагүй мал бэлчээсэнээсс болж осол гарсан байх нь түгээмэл. Ихэнх тохиолдолд ослын шалтгаан нь тээврийн хэрэгслийн бүрэн бус байдлыг хангаагүй, жолооч согтуугаар болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн үедээ жолоо барьсан, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангадаггүй зэргээс үүдэлтэй байдаг. Замын эвдрэл нь жолооч нараас ихээхэн хамааралтай. Жишээлбэл, машины дугуй солихдоо жолооч домкратыг зориулалтаар нь тавьдаггүйгээс хүнд даацын машин нь замыг эвдэлдэг нь тогтоогдсон.

2016 оны арванхоёрдугаар сараас эхлэн тээврийн зохицуулалтыг сайжруулах, тээврийн эрчмийг нэмэгдүүлэх, жолоочтой холбоотой зөрчлийг бууруулах зорилгоор 30 хүний бүрэлдэхүүнтэй цагдаагийн алба хаагчдыг ажиллуулж эхэлсэн. Түүнээс хойш осол харьцангуй буурч, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь багасгаж байна. Тодруулбал, жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтмол шалгаж, тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг хангаж ажиллахыг шаардах болсон нь ийнхүү эерэгээр нөлөөлж эхэлсэн. Нөгөө талаас “Гашуун сухайт авто зам” ХХК нь тээврийн компаниудад холбогдох стандарт шаардлагыг хангасан тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэх, даатгалд заавал хамруулах, жолоочийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг тогтмол хянаж шалгах, жолооч нарт зориулсан кэмп байгуулах зэргээр өөрсдийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг улам бүр нэмэгдүүлж ажиллахыг тогтмол шаардаж байна.

-Чамгүй өндөр хэмжээтэй төлбөр, хураамж авдаг гэж иргэд хэлж байсан. Тэр мөнгийг зам засварт зарцуулж чадаж байгаа юу?

-“Гашуун сухайт авто зам” ХХК нь Монгол тээвэр нэгдэл болон бусад тээврийн компаниудтай гэрээ байгуулж, тогтсон тарифын дагуу хураамж авдаг. “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн хураамжийн орлогын дийлэнх буюу 56,5 хувийг Эрдэнэс Таван Толгойн уурхайгаас тээвэрлэлт хийж буй нүүрс тээврийн машинууд бүрдүүлдэг. Автозамын хураамжийн орлогыг зам засвар, үйл ажиллагааны зардалд зарцуулахаас гадна Хөгжлийн банкны зээл болон зээлийн хүүгийн төлбөрт зарцуулдаг.

Зам засварын тухайд энэ онд зам засвар, үйл ажиллагааны зардалд өмнөх онтой харьцуулахад гурав дахин их төсвийг зарцуулахаар төсөвлөөд байна. Энэхүү төсвийн 70 хувийг зам засварын ажилд, 30 хувийг үйл ажиллагааны зардалд зарцуулах юм. Энэ онд зорчих хэсгийн эвдрэлийг засварлахаас гадна шалган нэвтрүүлэх цэгүүдийн өргөтгөл хйиж, хилийн ойролцоо 520 машины зогсоол барина. Мөн зам дагуу 30 ширхэг түр зогсоол, жолооч нарын амрах хоёр ширхэг талбай байгуулна.

Замын урсгал засварт ус зайлуулах байгууламжийн засварын дөрвөн нэр төрлийн ажил, хучилтын температурын хэв гажилтыг гагнаж, замын тэмдэг, тоноглолыг сайжруулж, хөвөөний засвар хийнэ. Энэ бүх бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэснээр хилийн ойролцоох түгжрэлийг багасгах, жолооч нар зориулалтын зогсоол дээр амрах боломжийг бий болгох, машины бүрэн бүтэн байдлыг шалгаж хянах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, цаашлаад замын эвдрэлийг бууруулах эерэг нөлөөтэй.

ЭХ СУРВАЛЖwww.news.mn

 
Facebook Twitter Google + Youtube Email
Sitemap